Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэсэн дууны үгийг байдаг. Магадгүй энэ дууны үгийг бичсэн хүн бодит амьдрал дээр мэдэрсэн мэдрэмжээ цаасан дээр буулгасан байх гэсэн бодол надад гэнэт төрсөн юм. Учир юу хэмээвээс. Нэг өдөр хоолоо хийдгээрээ хийгээд гал тогооныхоо өрөөнд бөндөгнөж байлаа. Гэтэл нүдний буланд нэгэн зүйл тусав. Юу байдаг билээ хэмээн цонх руу төхөн лавлаж хараад өөрийн эрхгүй инээмсэглэж, итгэл найдвар гэсэн үгийг сонов.
Уг нь манай гал тогооны цонхоор нүд хучирлах зүйл харагдахгүй л дээ. Засвар хийгээд ч сэхэл авдаггүй нэг байшин, дотор нь юу байдаг нь үл мэдэгдэх 2 байшин, юм юм баралж байсан хэр нь юу ч байж байгаагүй юм шиг харагдах бас нэг байшин гэсэн уйтгартай, сонирхолгүй хэдэн байшин л харагддаг юм.
Гэвч тэр нэгэн өдрөөс хойш уйтгарт цонхоор ахин дахин харуулах дуртай болгосон зүйл бол яг цонхны минь урдхан ургасан Өнчин улиас билээ. Би сайн санадаг юм. Нэг өдөр юу ч харж байсан юм бүү мэд цонхоор л харж байлаа. Гэтэл манай орцны жижүүр хувинтай усаа нэг нүх рүү асгадаг юм байна. Орц цэвэрлэсэн усаа одоо энд асгадаг юм байхдаа гэж гайхаж эргэлзэж байтал төд удалгүй ахиад хувинтай ус асгав. Ямартай ч угаадас биш бололтой. Сонирхол төрж яг юу хийгээд байгааг сайн хартал иш чааваас нөгөө нүхэнд нь мод гэхээсээ эмээ өвөө нарын тулдаг таяг шиг мөчир гэх юмгүй нарийнхан юм суулгачихсан байлаа. Шал дэмий юм хийж байх юм хайран ус ухааны юм бодоод өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа хартал яах вэ услаад байсан юм болохоор жаахан ургасан байв. Гэсэн ч би үл тоосон хэвээр. Нэг сахилгагүй нь ирээд хугалаад хаячихна даа. Эхэндээ ч яахав нэг их сүрхий цагаан бээлий , улаан тууз болоод энд тэнд мод суулгадаг жилийн дараа эхнээсээ хогийн хонхор болдог. Энэ бас тэр замаар орно биз гэж бодож байлаа.
Харин энэхүү азтай мод миний бодож байсан тэр замаар орсонгүй. Ааштай ч гэлээ манай жижүүр анхаарал тавьсны хүчинд өнөөдөр энэ өнчин улиас манай цонхтой чацуу болжээ. Удахгүй тэр надаас өндөр болно.
Итгэл найдвар гэх үгийг надад хэлсэн өнчин улиас “Маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэдэг үгийг өмнө минь зогсох өнчин улиас хэлэх мэт найгаж “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа” хэмээн дуу аялуулав.