Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг уулсын орой харж, усны чимээ сонсож, ургамалын үнэрт мансуурч явах шиг жаргал хаа байна. Би гэдэг хүн ээлжилт нэгэн ажлаар Увс аймгийг зорих болов. Баруун аймаг гэж бодохоор мөнх цаст сүрлэг уулс төсөөлөгдөж, тэр дундаа Увс аймаг гэж бодохоор тэсгэм хүйтэн даарах шиг.
Өлгийдөхөөс бусдаар өөрийгөө дулаалаад гэрээс гарлаа. Айдас төрөм хэр нь гайхалтай онгоц гэх унаагаар удаж төдөлгүй Увс аймгийн төв Улаангом хотод бууж, бугуйн цагаа тааруулав. УБ хотоос яг нэг цагийн зөрөөтэй юм.
Ашиглалтанд ороод удаагүй байгаа "Цагаан Дэглий" онгоцны буудлаас гарахад нэр нь дуулдаад байдаг "Хархираа" уул намайг тосон авлаа. Би дотроо харах уулсын эхлэл нь гэж бодохын зэрэгцээ ажил дөнгөж эхэлж байгаа тул унаа хайн аймгийн төвийг зорив. Онгоцны буудлаас зах, тэндээсээ шууд Зүүнговь сумыг зорилоо.
Зүүнговь ... Малчин, Хяргас, Баруунтуруун, Тэс гэх сумдыг бага ч болов мэднэ. Харин тэдний дунд орших Зүүнговь сумыг би хувьдаа өнөөдрийг хүртэл мэддэггүй байв. Очиж үзээгүй аймаг, мэддэггүй байсан сум сонирхол улам асна. Өдөр ирсэн би орой нар нилээд хэвийсэн үед зорьсон газраа ирлээ. Байрлах байр, уулзах хүмүүс, ажлын бэлтгэл гэж гүйсээр нэг мэдэх нь унтах цаг болжээ.
Энэ суманд гурав хонов. Нутгийн хүмүүс энэ хугацаанд сумынхаа хойнохон орших Гурван нуурын бэлчир хэмээх газар аваачин, Баяннуур, Багануур, Шаварт хэмээх гурван нуур, Өгөөмөр уулаа харууллаа. Зүүнговь хэмээх нэрийн утгыг ойлгох шиг, эргэн тойрон элс, говь мэт.
Дараагийн ажиллах газар Тэс сум. Цаг агаарын мэдээгээр Их нууруудын хотгор гэж сонссон болохоос өөрөө тэр хотгороор явна гэж үнэндээ бодож байсангүй. Энэ элсэн хотгор гүдгэр дунд хамгийн сонирхолтой нь яг элсэн манханыхаа орой дээр айлууд нь гэрээ барих юм. Ямар сонин юм бэ? Өвөл цагт чинь нөмөр нөөлөг газар барааддаг биш бил үү ? Шуурганаар яаж тэсдэг байна аа гэж асуухад нутгийн жолооч Энд шуурдаггүй юм гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгөв. Байгалийн зохицол оо гэж нарийн шүү.
Тэс хүртэл замгүй шахам манхан дунд явах гайхалтай байв. Архайнгай аймгийн Хорго шиг гүн элсэн хонхорхойтой ч таарлаа. Усны долгио мэт үргэлжлэх элсэн манхад тэнгэрийн үүлстэй нийлэн харагдах нь үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй. Говь нутаг ямар сайхан билээ дээ гэтэл энэ зураглал мартагдахааргүй сайхан. Магадгүй хангайн дундах зурвасхан говь, хамгийн умард говь гэхээр уламч их сэтгэгдэл төрүүлж байж мэднэ.
Цааш явсаар. Зам зуур хоёр ч модон гүүртэй таарлаа.Ээхний гүүрийг жолооч гайгүй гэсээр зүтгээд бид машинтайгаа гарлаа. Дараах гүүрнээс хүн машингүй айж хөлдсөн голоор цувран гарцгаав.
Зорьсон газар ойртож Тагны нуруу шиг ээ сунаж тогтсон Тэсийн бараа харагдав. Энэ зуур хойморт нь орших энэ нуруу хүний нутгийн газар гэж бодохоор харамсал төрж, цагтаа манайх л байсан юм даа гэсэн хармын сэтгэл төрөв.
Энд ажиллах хугацаандаа боломжоороо хүмүүстэй нь ярилцаж амьдрал ахуй, нутаг усных нь тухай асууж явлаа. Хүн бүр та нар манай нутагт дулаан цагт ирвэл хамгийн сайхан гэж хэлэх юм. Тэгээд тэд нутгийнхаа байгалийн зургийг үзүүлэв. Нээрэн л хорхой хүрмээр байгальтай юм. Ус гэдгийг мэдэхгүй болов уу гэмээр сүрлэг элсэн манханы доороос салаалан урсах голын эх оршино чинээ хэн санах билээ дээ.
Анх төсөөлж байснаас бүх зүйлс өөр. Өндөр өндөр сүрлэг уулс, өтгөн өвс, хацар хайрах хүйтэн. Гэхдээ би яг ч хүйтэн үеэр нь очоогүй юм байна лээ. Санаандгүй байж байгаад гэдэг шиг олон сайхан зүйл үзлээ, харлаа. Гэвч ахисаар л .
Би дахиж ирнэ гэж хэлээд Тэсээс гарсан. Нисэх өдрөөс нэг хоногийн өмнө Улаангом хотод ирж, дайраад өнгөрсөн аймгийн төвтэй танилцах боломж гарав. Маргааш нь УБ зорихоор онгоцны буудал руу явлаа. Гэтэл дахиж ирнэ гэсэн миний үгийг сонссон мэт дараа ирэхээрээ хараарай гэх шиг Хархираа уулыг цасан ширхэгүүд надаас нуулаа.
.
Би хэлсэн үгнийхээ боол Хэлээгүй үгнийхээ эзэн